- ИХ ТЭНГЭРИЙН АМНЫ ХАДНЫ ЗУРАГ -

Улаанбаатар хотын өмнө Богд хан уулын Их тэнгэрийн амны зүүн үзүүрийн хойшоо харсан хадан хясаан дээр улаан зосон болон хар бэхээр зурсан зураг, монгол, түвд бичээс бүхий дурсгал бий. Эндхийн зосон зураг нь өргөн зураасаар том дөрвөлжин хашлага, түүний дотор олон дугуй толбо, хашлаганы дээд талд хошуугаа хажуу тийш харуулан халин нисэж буй бүргэд шувуу, хашлаганы зүүн талд хөтлөлцөж зогссон хүний тойм зураг доор нь амьтан дүрсэлдэг хүрэл зэвсгийн үеийн зосон зургийн нэг төлөөлөл юм. Зосон зургуудын ойролцоо хар бэхээр “Мөнх хөх тэнгэр” гэсэн үг бүхий монгол бичээс мөн урт хормой,  өргөн ханцуйтай дээлтэй, бүдүүн түрийтэй, ээтэн хоншоортой монгол гуталтай эмэгтэйг эгц урдаас нь дүрсэлсэн байх бөгөөд түүний дугариг царай, онигордуу нүдэй дүрсэлжээ. Энэ эмэгтэйг богтог малгайтай дүрсэлсэн нь XIII зууны үеийн зураг болохыг илтгэж байна. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.