- АНХНЫ ЕВРОП ХОЁР ДАВХАР БАЙШИН -

Улаанбаатар хотод байгаа түүхэн дурсгалт барилгуудын нэг нь Оросын консулын анхны байшин юм. Өнөөгийн зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэл, Маахуур толгойн урдах дэнжийг 1860-аад оны үеэс “Консулын дэнж” хэмээн нэрлэж иржээ. 1860 онд Их хүрээнд Оросын анхны консулын газрыг байгуулж, консул сайд суух хоёр давхар модон барилгыг Хүрээнд сууж хэрэг шийтгэх манж сайдын газраас зөвшөөрөл авсны дагуу 1863-1865 онд барьж дуусгажээ. Байшин нь нүүрэн талдаа 23 цонхтой, голын хаалганы дээд талд тагттай, тагтныхаа дээр өндөр нарийн баганатай, гурвалжин хэлбэрийн дээврийн оруулгатай, 24 өрөөтэй байжээ. Их хүрээний хамгийн өндөр байшинд тооцогдож байсанд нь хүрээний лам нар “Богдын тахилын модноос өндөр юм бий болов” хэмээн дургүйцдэг байжээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.