- АНХНЫ ХОЛБООНЫ БАЙШИН -

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний баруун талд байрлах ногоон барилга нь  1913 онд баригдаж, 1914 онд Монгол улсын анхны ерөнхий сайд, сайн ноён хан Т.Намнансүрэн анхны телефон станцыг байгуулж байжээ. Мөн Холбооны анхны барилга хэмээн нэрлэж байсан бөгөөд 1921 оноос 1998 он хүртэл музей байрлан ажиллаж байсан түүхтэй. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.