- КОНСУЛЫН ДЭНЖИЙН НУУЦ БҮЛГЭМ БАЙРЛАЖ БАЙСАН БАЙШИН -

1912 оны үед Оросын консулын дэргэдэх бэлтгэл сургуулийн багш Данчинов өөрийн сууцанд зориулан бариулсан байшинд 1919 оны эцсээр Консулын дэнжийн нууц бүлгэм байгуулагджээ. Нийслэл Хүрээний консулын дэнжид байрлаж байсан учраас “Консулын дэнжийн нууц бүлгэм” гэж түүхэнд тэмдэглэгджээ. 1920 оны эхээр Хүрээний бүлгэмтэй нийлсний дараа Д.Бодоо, С.Данзан нарын удирдлагаар Монголын Хувьсгалт нууц бүлгэмийнхэн Данчиновын байшингийн зооринд хурал цуглаанаа хийж байжээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.