- СҮХБААТАР ЖАНЖНЫ АНХНЫ ХӨШӨӨ -

Монголын үндэсний баатар Д.Сүхбаатар 1923 оны хоёрдугаар сард нас барсан бөгөөд Засгийн газраас түүний үйл хэргийг мөнхжүүлэн ном хэвлэн гаргах, гэрэлт хөшөөг нь босгох ажил зохион байгуулж байв. 1923 онд Засгийн газар, МАН-ын Төв хорооноос Д.Сүхбаатар агсаны гавъяа зүтгэлийг илэрхийлсэн гэрэлт хөшөө чулуу сийлүүлэн байгуулж олны хуралдах Индэрийн орчим газар босгохоор тогтоосны дагуу 1930 онд Эрхүү хотын нэрт зураач К.И.Померанцевийн зураг төслөөр чоддин хэлбэрт хөшөөг Ардын цэнгэлдэх Бөмбөгөр ногоон театрын барилгын өмнө босгожээ. Хөшөөний дөрвөн талд зүмбэрлэн хийсэн зураг, нүүрэн талд Д.Сүхбаатарын морьтой дүрс байдаг. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгалын” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.