- ШИВЭРТИЙН АМНЫ ЦОГЦОЛБОР ДУРСГАЛ -

Архангай аймгийн Батцэнгэл сумаас баруун тийш 45 км-т,   Цэцэрлэг хотоос хойш 45 км-т, Цац толгойгоос зүүн урагшаа 10.5 км зайд Хойд Тамирын голын урд эрэгт оршино. Энд буган хөшөө, түүний тахилгын цогцолбор, хиргисүүр, дөрвөлжин булш, түрэгийн тахилгын онгон зэрэг олон төрлийн дурсгалтай. Буган хөшөөний тахилгын цогцолбор нь 195 х 305 м хэмжээтэй талбай эзлэн орших ба нийт 30 гаруй буган хөшөө бүртгэгдсэн байдаг. Эндхийн буган хөшөөд Монгол-Өвөр Байгалын хэлбэр буюу бугын загварчилсан дүрст хөшөөний төрөлд хамаарна. Хөшөөдөд нар, сар, ээмэг, зүүлт, янз бүрийн хээ чимэглэл бүхий бүс, ан амьтдаас буга, ирвэс, янгир, зэр зэвсгээс нум сум, зээтүү, чичлүүр хутга, бамбай зэргийг сийлжээ. Буган хөшөөний хамгийн жижиг хугархай нь 44 см, хамгийн өндөр нь 362 см хэмжээтэй ба цайвар саарал, улаан хүрэн, хөх саарал өнгийн боржингоор хийжээ.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хөшөө дурсгалын төрөлд  хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.