- ТАЛЫН ГУРВАН ХЭРЭМ -

Архангай аймгийн төвөөс 100 гаруй км, Өгийнуур сумын төвөөс баруун хойд зүгт 21км орчим зайд Хэрмэн тал хэмээх газар уг дурсгал оршино. Том хэмжээтэй шороон хэрмээр хүрээлэгдсэн өвөрмөц зохион байгуулалт бүхий уг газрыг нутгийнхан “Хэрмэн тал” ч гэж нэрлэдэг. Энэ дурсгал нь 421х452 м, 480х400 м, 260х300 м хэмжээтэй зүүнээс баруун тийш цуварч байрлах 3 шороон хэрэм юм. Уг хэрмийг судлаачид НТ I зууны үе буюу Хүннүгийн үед холбогдоно гэж үзэж байна.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд  хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.