- ХӨШӨӨТИЙН ДЭНЖИЙН БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ -

Архангай аймгийн Өлзийт сумын нутагт орших Өлзийт сумын зүүн захад хөшөөт багийн нутаг Хөшөөтийн дэнж хэмээх газарт 5 буган чулуун хөшөө байна. эдгээр буган чулуун хөшөөд нь Монгол-Өвөр байгалийн төрөлд хамаарна. Буган чулуун хөшөө бол бичиг үсэггүй байсан хүрэл ба түрүү төмрийн үеийн нүүдэлчдийн түүх ба урлаг, утга соёл, шашин шүтлэг, нийгмийн байгууллыг судлах хосгүй дурсгал юм. Урт чулууг дөрвөн тал гарган засч, гурав зааглан, оройн хэсэгт нар, сар, доогуур нь олон эгнээ хонхор, эх биеийг ороолгон төв хэсэгт бугыг загварчилсан болон бодит байдалтайгаар сийлж, бас доогуур нь бүс татан зэр зэвсгийг агссан байдалтай дүрсэлсэн хөшөө чулуу болно. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.