- ИХ ЖАРГАЛАНТЫН ЦОГЦОЛБОР ДУРСГАЛ -

Архангай аймгийн төвөөс 70 гаруй км, Өндөр-Улаан сумаас зүүн зүгт 54км орчим зайд Хану багийн нутагт “Жаргалантын амны адаг “ гэдэг газар баруун урдаас зүүн хойш 389м, Баруунаас зүүн тийш 187м талбайд уг цогцолбор дурсгал оршино. Энэхүү дурсгал нь Хүрлийн үед хамаарах хиргисүүр, буган хөшөө бүхий тахилгын цогцолбор бүхий аварга том хиргисүүр, түүний хэдэн зуугаар тоологдох тахил, тайлгын байгууламжууд, 30 орчим буган чулуун хөшөө бүхий томоохон цогцолбор дурсгал болно. Хэмжээний хувьд асар том, бүтэц зохион байгуулалтын хувьд өвөрмөц дурсгал төдийгүй монгол нутагт олж илрүүлээд буй энэ төрлийн дурсгалуудын сонгодог төлөөлөл юм. Буган хөшөөдийн дүрслэл нь маш уран нарийн хийцтэй бөгөөд буга, согоо, эрээн бар зэрэг ан амьтдын дүрслэл, элдэв хээ чимэг бүхий бүс, түүнээс агссан хутга, нум сум тэргүүтэй олон төрлийн зэр зэвсгийн зүйлийг тун гоёмсог дүрсэлсэн байдаг. Түүнчлэн хэмжээний хувьд 1-4 м орчим өндөртэй, ойролцоогоор 0,5-4 тонн хүртэл жинтэй асар том хөшөөд бий. Уг нь дурсгал нь 2023 онд дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн билээ.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал, буган чулуун хөшөө” төрөлд  хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.