- ДОЙТЫН ТОЛГОЙН ТУУРЬ -

Архангай аймгийн аймгийн төвөөс 220 орчим км, Хотонт сумын төвөөс баруун зүгт 24 орчим км,  Хотонт сумын нутагт Шорвог, Хунт, Цэцэг, Дойт, Цагаан нуурын дунд энэхүү дурсгал оршдог. Дойтын толгойн эртний хотын туурь нь баруун, зүүн болон хойд талаараа хэрмийн оронд өөр хоорондоо ойрхон байрлах 20х17 метр хэмжээтэй 17  ширхэг барилгаар хүрээлэгдсэн бөгөөд түүний дунд 1 том, 2 жижиг барилгын ор үлджээ. Дойтын толгойн эртний хотын туурийн нэг онцлог нь хэрмийн оронд барилгуудаар хүрээлэгдсэн байсны ор мөр байгаа бөгөөд эдгээр барилгууд нь өөр хоорондоо холгүй 8м орчим зайтай байрласан учир холоос харахад хэрэм мэт харагддаг.  Монголын археологич Х.Пэрлээ  Дойтын толгойн балгасыг шинжлэн үзэхдээ XIII-XIV зууны үед холбогдоно гэж үзсэн байна.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал”-ын төрөлд  хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.