- ХАРХУЛ ХААНЫ БАЛГАС -

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг, сумын төвөөс урд зүгт 7 км орчим зайд Хануй голын урд хөвөөнөө “Хархул хааны балгас” хэмээх эртний хотын туурь оршино.Хотын үлдэгдэл нь 330 х 370 м хэмжээтэй, дунджаар 3 м өндөр, дөрвөн талдаа хаалгатай дөрвөлжин хэрэм, барилгуудын сууриуд зэрэг олон хэсгээс бүрдэнэ. Хотын малтлагаас илрэх дээврийн тосгуур, нүүр ваар, тоосгоны хэв загвар, паалантай чимэглэл, өрлөг шаваасны онцлог зэрэгт үндэслэн энд гурваас доошгүй өөр өөр цаг үед бүтээгдсэн дурсгал байна хэмээн тодорхойлж, эдгээрийн нэг нь ХIII зууны үеийн Хархорум барилга байгууламжтай нэг цаг үед холбогдоно хэмээн судлаачид үзсэн байдаг.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд  хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.