- ХАРГАНЫН ДӨРВӨЛЖИН -

Архангай аймгийн төвөөс 140 орчим км, Өлзийт сумын төвөөс баруун урд зүгт 10 гаруй км-т Бодонт багийн нутагт Харганын дөрвөлжин гэдэг газарт Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчен хотын туурь бий.  Лунчен хот нь 550 х 550 м хэмжээ бүхий давхар хэрэмтэй, хэрмийн төв хэсэг 250 х 210 м хэмжээ бүхий саравчит хашаатай, саравчит хашааны төв хэсэгт 2 том ордны суурь, мөн урд талын саравчит хашааны баруун урд хэсэгт 1 том ордны суурьтай ажээ. Түүнчлэн саравчит хашааны хойд, зүүн, урд болон баруун талд илэрхий мэдэгдэх хаалгатай бөгөөд хаалга тус бүрээс төв хэсэгт орших 2 ордон руу холбосон замтай байна. Хамгийн сонирхолтой нь тус ордны баруун урд хэсэгт буюу 1/4 -т хүний гараар хийсэн усан сантай байгаа нь өндөр зэрэглэлийн, тансаг, хааны ордон болохыг илэрхийлж байна. Тус хот нь хэмжээний хувьд өнөөдрийн Монгол нутгаас илэрсэн Хүннүгийн үеийн хотуудаас хамгийн том нь бөгөөд давхар хэрэмтэй гэдгээрээ анхны өвөрмөц бүтэц зохион байгуулалттай дурсгал болно.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд  хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 179 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.