- ӨГЛӨГЧИЙН ХЭРЭМ -

Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 40 орчим км зайд энэхүү дурсгалт газар байрлана. Хэрмийн урд хэсэг шороонд дарагдсан байдалтай зарим хэсгээрээ нурсан боловч ихэнх чулуун өрлөг хэвээрээ байна. Хэрмийн дотор ямар нэг барилгын ор мөр, туурь байхгүй боловч Киданы үеийн ваарын хагархай, сумны төмөр зэв зэрэг зүйлс түүвэр байдлаар олддог. Судлаачид дурсгалт газрыг Киданы үед холбогдох бэхлэлтийн хэрэм хэмээн тодорхойлжээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.