- РАШААН ХАДНЫ ЦОГЦОЛБОР ДУРСГАЛ -

Хэнтий аймгийн Батширээт сумын Биндэр уулын зүүн урд хормойд палеолитын үеэс дундад зууныг хүртэлх түүхийн олон үеийг хамарсан Рашаан хадны цогцолбор дурсгалт газар оршино. Рашаан хадны палеолитын үеийн зураг түүхийн хожуу үед холбогдох бусад зургаас дүрсэлсэн амьтан, дүрслэлийн арга барилаараа өвөрмөц юм. Үүнд, арслан заан, савгат хирс хожуу үеийн зургуудаас хэмжээгээрээ том төдийгүй, амьтдын дүрсний гадаад хүрээг харьцангуй өргөн гарган дүрсэлж, түүний ерөнхий төрхийг гаргахыг хичээсэн байдал ажиглагддаг. Рашаан хаднаа эртний 7 төрлийн нийт 61 бичээсийг сийлэн үлдээжээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.