- СУМЫН ТӨВД ОРШИХ ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ -

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвд хоёр хүн чулуу байдаг бөгөөд тэдгээрийг сумын төвөөс урагш орших Ямаат Улаан орчмоос авч ирсэн гэдэг. Нэг дэх хүн чулууг нь цайвар саарал өнгийн боржингоор босоо хүний дүрс оруулан урласан. Цээжинд хувцасны зах гаргаагүй бөгөөд хоёр гараа тохойгоор нугалан гэдэсний өмнө шулуун хүзүүтэй тэгш ёроолтой цүндгэр ваарыг хоёр бөөрнөөс нь дэмнэн барьжээ. Бүс болон зэвсэг зүүлт байхгүй. Хоёр дахь хүн чулууг улбар шар өнгийн боржингоор босоо хүний дүрс гарган хийжээ. Толгойд нь хавтгай оройтой, урдаас нь харахад бортого хэлбэртэй малгай өмсгөжээ. Цээжинд нь доош унжсан хоёр хөх гаргасан нь эмэгтэй хүний дүрс болохыг гэрчилнэ. Хоёр гараа тохойгоор нугалан цээжний өмнө ямар нэгэн сав барьж байсан бололтой бөгөөд чулууны гадарга гэмтсэнээс уг савын хэлбэр, гарын хуруу мэдэгдэхгүй болжээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгалын” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.