- СЭРВЭН ХААЛГАНЫ БИЧЭЭС -

Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Хэрлэн голын урд хөндийд орших зэрэгцсэн хадтай гурван шовх уулыг Сэрвэн хаалга хэмээн нэрийднэ. Энэ уулын баруун талын шовх өндрийн энгэрт хоорондоо 10-аад м-ийн зайтай орших 2 том боржин хадны наран зүгт харсан тэгш гадаргуу дээр эртний нанхиад, зөрчид хоёр бичээс бий. Дээрх бичээс нь 1196 онд Алтан улсын цэргийн жанжин Вангин Чинсан, Татарын Мэгүжин сүүлттэй байлдахад Тэмүүжин эртний өсөөт татааруудыг даралцахад хүч хавсарсан Улз голын байлдааны талаар өгүүлсэн Их Монгол улс байгуулах үеийн түүхийн чухал сурвалж юм. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.