- АВАРГЫН БАЛГАС -
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт, Аваргын голын хойд хөвөөнд, Рашаан дэрсний ухаа хэмээх толгодын дээр эртний нэгэн хотын үлдэгдэл бий. Судлан үзэхэд хотын барилгуудын гадуур нь хүрээлсэн ерөнхий хэрэм байхгүй, нийтдээ 4,5 км талбай эзэлнэ. Хотын үлдэгдэл нь нийтдээ дөрвөн хэсгээс бүрэлдэх бөгөөд эдгээр нь гар урлал, тариалангийн хороолол, шүтээний сүм, тусгай хана хэрмүүд болон орд харшийн барилга юм. Гар урлал тариалангийн хороолол нь суурингийн зүүн хэсэгт, барилга бүхий гурван гудамж, бусад эмх замбараагүй барилгын үлдэгдлүүдээс бүрдэнэ. Энд 13 хэрэмт барилгын үлдэгдэл мэдэгдэнэ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.