- ДУНД ЖАРГАЛАНТЫН ЦОГЦОЛБОР ДУРСГАЛ -
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Дунд Жаргалантын голд буган хөшөөд дөрвөлжин булш бүхий цогцолбор дурсгал байна. Дунд Жаргалантын буган хөшөөд нь бүгд бугын хийсвэр дүрслэлтэй хөшөөдийн ангилалд багтана. Нэгдүгээр хөшөөнд хүний нүүрний дүрслэлийг товойлгон жижиг нүд, том хамар, амтайгаар сийлж үлдээсэн нь хүний нүүрний дүрслэлтэй цөөн тооны буган хөшөөний нэг юм. Мөн эл дурсгалт газар нь буган хөшөөний соёлын тархалтын хамгийн зүүн захад оршиж буй цорын ганц цогцолбор болно. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.