- ТӨВХӨН ХИЙД -

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвөөс зүүн хойш 35 орчим км-т 4-р багийн нутаг Хойд агуйт гэх газар Төвхөн ширээт уулын орой  хаданд Төвхөн хийд оршино. 1648 онд анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар арав гаруй настай байхдаа  энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг үзэж 1651 оны үед нямбалан сууж номын бясалгал хийх чулуун туурга ханатай жижиг байшин бариулсан байна. 1688 оны Галдан бошготын самуун дайн эхэлснээс хойш тэр бүтээлийн сүмийг ашиглаагүй учир бүр мартагдахад хүрснийг 1773 оноос хийд болгон хурал номын ажлыг сэргээж, түүнээс хойш Төвхөн хийд хэмээн нэрлэгдэх болсон. Хийдийн  шүтээний хэсэгт Бүтээлийн сүм, Хурлын дуган, Сэмчин дуган, хоёр  суварга  бүхий мөргөлийн цогцолбор, тахилгат худаг, бясалгалын хоёр агуй,  тахил тайлгын овоо  багтана.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд  хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.