- ХАЧИН ЛАМЫН СҮМ -

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд Хачин ламын сүм байрлана. Тус сүм 1775 оноос 1983 он хүртэл шашны үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд хар модон банзан хашаатай, сүмийн хаалгыг баруун талд хийсэн нь зарим сүм барилгыг Шамбалын орон руу харуулж барьдаг нэгэн ёс уламжлалтай холбоотой. Сүм хоёр давхар, урд талын хаалгаар нь ордог, доод давхар нь өвлийн сууц бөгөөд дотроо хоёр өрөөтэй, гадна талаас нь галлаж ханзыг халаадаг байжээ. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.