- ХӨГШИН ТЭЭЛИЙН БАЛГАС -

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан Сумын төвөөс зүүн хойш 40 гаруй км-т Хан Хөгшин ууланд оршино. Хубилайн цэргийн хот нь Хан Хөгшин уулын зүүн суга Их модны ам, Бага модны амны гурван хэсэг газар барьсан том хэрэм, Их модны амны адгийн Цагаан толгойн өвөрт буй нутгийнхан “Дарь эхийн сүм” хэмээн нэрлэдэг барилгын үлдэц зэргээс бүрддэг. Уг хот цайзын үлдэгдлийг шинжиж үзэхэд олон жилээр байнга хүн оршин сууж байсны шинж тэмдэггүй, түр зуур аян дайны зориулалтаар бэхлэн барьсан шинжтэй байдаг байна. Хубилайн цэргийн хотын гурван хэрмийг өндөрлөг хэц, алсын хараат газар олон давхар хэрэмтэйгээр барьсныг харахад аргагүй л цэргийн сэргийлэн хориглох бодлогод нийцүүлэн үйлдсэн нь илэрхий байдаг ажээ.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд  хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.