- ЭРЧҮҮ ХОТЫН ТУУРЬ -

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төвөөс баруун урд зүгт 40 орчим км зайд Дэлгэрхааны өвөр, Соёо толгойн баруун талд Дэлгэрмөрөн голын хойд дэнж Алтангадас уулын хойд хэсэгт оршино. Монголын хаан Мөнх хааны гэрэлт хөшөө, ордон харшийн үлдэгдэл, хотын туурь бий. Гурван баганын суурьтай 90х96 м харьцаатай чулуун тавцан, баруун зүүн хоёр буландаа хоорондоо 9,70 м зайтай хоёр тавцан байна, Балгаснаас урагш 40 м орчим  зайд овгор дэрсэн дотор саарал өнгийн жижиг чулуун хөшөө босгож өргөн талын нэг тал дээр энд Мөнх хааны гэрэлт хөшөө байв гэж Монгол бичгээр сийлсэн байна. Гэрэлт хөшөөний суурин дээр байрлуулсан 1955 онд бүтээж хийсэн саарал өнгийн гантиг чулуун хөшөө байдаг.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын “Барилга, архитектурын дурсгал” төрөлд  хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.