- ЦАГААН ХӨШӨӨТИЙН ХҮН ЧУЛУУ -
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын төвөөс зүүн урагш 13 км-т Ховд голын баруун талын тэгш сайхан дэнж дээр хүн чулуу байдаг. Хүн чулуун хөшөөг нүүрээр нь зүүн урагш хандуулан газарт зоосон байх ба цайвар өнгийн боржин чулуугаар нэлээд ур чадвартай цоолборлон дүрсэлсэн. Чихэвчийг нь дээш сөхсөн дүгрэг малгай өмссөн агаад дугуйрсан хөмсөг, шулуун урт хамрыг нэгэн үргэлж гүвгэр зураасаар төвийлгөн, нүд нь зууван уртавтар гонзгой хэлбэртэй, баруун нүд нь гэмтэж бүдгэрсэн боловч зүүнийг харахад тойруулан давхар хүрээ гаргаж голд нь аньсагыг тодруулсан зураастай. Хоёр үзүүр нь ялгүй дээш эргэсэн нум хэлбэрийн живэр сахал гаргаж доор нь уруул амны зураасыг нэлээд бодитой хонхойлгон дүрсэлжээ.
Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгалын” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.