- БИЧИГТИЙН АМНЫ ХАДНЫ ЗУРАГ -

Баянхонгор аймгийн Баянлиг сумаас 60 км зайд Их Баян уулын Бичигтийн аманд орших хадны сийлмэл зураг байдаг. Хаднаа эртний хүмүүс хүн, амьтан, тамга тэмдэг зэрэг олон зуун зургийг цоолборлон, сийлж үлдээжээ. Янгир, бугыг анчид ганц нэгээрээ буюу хэсэг бүлгээрээ нум сумаар харван намнаж буй байдлыг үзүүлсэн сэдэвтэй зураг олон байгаа нь тухайн үеийн хүний амьдралд ан агнуур хэчнээн чухал байсныг харуулах чухал баримт юм. Мөн эндэхийн хаданд чоно, ирвэс, шилүүс зэрэг араатан амьтад аргаль, янгир, буга зэрэг амьтдыг элдэж хөөсөн, тойрч бүслээд барьж идэхийг завдан буй байдлыг дүрсэлсэн нь олон тохиолдоно. Тухайн хадны зургууд неолитын үеэс эхлэн зурагдсан хэмээн судлаачид үзэж байна.
Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.