- ЦАГААН АГУЙ -

Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн хойд зүгт 40 км зайтай оршдог. Цагаан агуйд хийсэн малтлага судалгаа, чулуун зэвсгийн олдвор хэрэглэгдэхүүний хийц хэв загвар, соёлт давхаргаас авсан дээжинд хийсэн лабораторийн нарийн шинжилгээ зэргээс үндэслэн үзэхэд хуучин чулуун зэвсгийн үеэс неолитын үе хүртэл энэ агуйд эртний хүмүүс тасралтгүй амьдарч байсан нь тогтоогдсон юм. Тэдгээр хүмүүсийн үлдээсэн чулуун зэвсгийн дурсгал агуйг малтахад хэдэн мянгаараа олдсон байна. Монгол нутагт хүн хэдий үеэс амьдарч эхэлснийг он цагийн баттай баримтаар баталсан анхны томоохон агуйн дурсгалт газар юм.
Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Чулуун зэвсгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.