- НӨМРӨГ СУМЫН ОРОН НУТАГ СУДЛАХ ТАНХИМ -
2003 онд Соёлын төвийн дэргэд ОНСТанхим нээгдэж үйл ажиллагааг нь эрхлэгч Ч.Хоролгармаа давхар хариуцан ажиллаж байжээ.
2007 оноос ОНСТанхим хариуцсан ажилтны орон тоо нэмэгдэж, Соёлын төвийн эрхлэгчийн тушаалаар музей техникийн ажилтанаар С.Гэрэлмаа томилогдон өнөөг хүртэл ажиллаж байна.
ОНСТанхим нь анх байгуулагдахдаа тус сумын иргэн Д.Нямдашийн санаачилгаар тус сумын 10 жилийн дунд сургуулийн дэргэд байгуулсан Нөмрөг сумаас төрөн гарсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Бат-Очирын Элдэв-Очирын нэрэмжит танхимийн үзмэр дээр түшиглэн байгуулагдсан байна. Уг танхимд Б.Элдэв-Очирын хувьсгалын үйл хэрэгт оролцож байхдаа хэрэглэж байсан гар буу, шагнагдсан одон тэмдэг, шагналын үнэмлэх, эдлэл хэрэглэл, ном, дэлхийн газрын зураг, төр нийгмийн зүтгэлтнүүдийн хөрөг зураг, баримал зэрэг үзмэрүүдийг цуглуулан байрлуулж хойч үедээ алдаршуулан хадгалж үлдээсэн байна.
Одоо орон нутаг судлах танхимд Нөмрөг сумаас төрөн гарсан алдартнууд, төр нийгмийн зүтгэлтнүүдийн талаарх эд өлгийн зүйлс, зураг, дурсгал, монголчуудын уламжлалт оюун ухааны оньсон тоглоом, наадгайгаар үзмэр баяжилт хийгдэн өнөөдөр 120 дэсийн 301 ширхэг үзмэр эд өлгийн зүйлтэй ОНСТанхимийн үйл ажиллагаагаар дамжуулан сум орон нутгийн иргэд болон гадаад дотоодын аялагч нарт үзүүлэн сурталчилж музейн танхимын болон нүүдлийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.