- ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН МУЗЕЙ -

Өвөрхангай аймгийн музей нь аймгийн Бага хурлын Гэгээрлийн хэлтсийн даргын 1951 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 10 тоот тушаалаар 200 орчим үзмэр цуглуулгатайгаар Орон нутгийг судлах кабинет нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Өвөрхангай аймгийн Орон нутаг судлах кабинет нь 1966 онд Орон нутгийг судлах музей, 1993 онд Өвөрхангай аймгийн музей болон өргөжсөн юм.

Тус музей нь байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл төр засгийн хууль тогтоомж, шийдвэрийн дагуу Өвөрхангай аймгийн ард түмний бүтээсэн түүх, соёл урлаг, ёс заншил, байгаль орчны тухай бодит баримт материалуудыг цуглуулан хадгалж, судлан шинжлэх, дэглэн үзүүлэх, сурталчлан таниулах үндсэн үйл ажиллагааг тогтмол явуулж ирсэн. 1995 онд өөрийн харьяанд тусдаа барилга бүхий Занабазарын дурсамж музейг байгуулсан. Энэхүү музей нь  дөрвөн танхимтай бөгөөд Занабазарын үйл амьдрал, бурхны урлал, эд зүйлсийг дэлгэн үзүүлдэг. 2015 онд Уянга суманд Т.Намнансүрэнгийн дурсамж музейг нээсэн. Музей нь  байгаль газарзүй, ан, амьтан, эртний түүх, угсаатан, сийлбэр, алдар гавьяатны, цэргийн гэсэн 7-н танхимтай. Өвөрхангай аймаг  сийлбэрийн урлал ихэд хөгжсөнд тулгуурлан байгуулсан сийлбэрийн танхимд аймгийн сийлбэрч, урчуудын ур хийцээрээ гайхагдсан “Баян байгаль” зэрэг сийлбэр дэлгэгдсэнээрээ онцлог музей юм.

Өвөрхангай аймгийн музей нь 2023 онд музейн шаардлага хангасан шинэ  барилга  ашиглалтад орохтой холбоотой орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэлэг шийдэл бүхий, олон улсын жишигт хүрсэн   дэглэлттэй шинэ музейтэй болохоор  үзэл баримтлал,  үзүүлэг дэглэлтийг бэлтгэл ажлыг хангах, судалгаа, боловсруулалт хийх ажлын хэсгийг  судлаач, зураач, архитектор  бүрэлдэхүүнтэй байгуулан мэргэжсэн баг ажиллаж байна.

Музейн утас: 70322054, 70322075  Цахим хаяг: uv.musei2017@gmail.com