ЦААСАН СУУРЬТАЙ БАРИМТАТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ БА СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ, ГЭМТЭЛД НӨЛӨӨЛЖ БУЙ ОРГАНИК ХҮЧЛИЙН СУДАЛГАА СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус сургалтын хүрээнд цаасан эдлэлийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон талт суурь судалгаа, сэргээн засварлалтын үндсэн ойлголтыг онолоор, цаасны материал судлалын дээж бэлдэц болон төрөл зүйл тодорхойлох анхан шатны аргазүй, бичээс зурган тэмдэгтийн элементийн төрөл зүйл тогтоох судалгаа хийх рентген флуоресценцийн спектрометрийн хэмжилтийн аргазүй, цаасан эдлэлийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, хүрээлэн буй орчны эрсдэлийн судалгаа хийхэд шаардлагатай анхан шатны багаж тоног төхөөрөмжийн танилцуулга, гадаргуу хэсгийн гэмтэлд орсон нүүрс ус суурьтай тэмдэгтийг тодруулах хэт улаан туяаны камерын судалгаа хийх аргазүй, музейн олон улсын зөвлөлөөс гаргасан цаасны гэмтэлд нөлөөлж буй аммиак (NH3), формальдегид (CH2O), органик хүчлийн (-COOH)хэмжилт судалгаа хийж, үр дүн боловсруулан эрсдэлээс урьдчилан сэргийлэх аргазүй, цаасан эдлэлд үүссэн биологийн гэмтэл болох шавж устгал хийх нүүрс төрөгчийн давхар исэл(CO2) ашигласан устгалын аргазүй, нөхөлт хийгдэж буй зарим цаасны танилцуулга, цаасны түүхийн эдээр цаас боловсруулан хийх, сэргээн засварлалт хийж буй цаасан эдлэлийн бохирдол цэвэрлэж, бэхжүүлэгч арын хуудас наах аргазүйг тус тус дадлага ажил хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтад Соёлын өвийн үндэсний төв, Чингис хаан үндэсний музей, Хархорум музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Дундговь аймгийн музей, Ховд аймгийн музей, Монголын уран зургийн галерей, Архивын ерөнхий газар, Улсын филармони, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Улсын Хүүхэд Залуучуудын Театр, Улсын Драмын Эрдмийн Театр, Үндэсний Урлагийн Их театр, Монгол улсын их сургуулийн мэргэжлийн ангийн оюутнууд зэрэг нийт 42 хүн хамрагдав.