МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ МӨНГӨНХҮҮГИЙН ГАНБОЛДОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Түүхийн ухааны доктор, соёл судлаач, багш Мөнгөнхүүгийн Ганболд XVII жарны модон могой жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат багш” цолоор шагнуулсан билээ.
Монголын эртний овог аймгуудын нэг урианхай язгуурын зон олны төлөөлөл “Өвөг Урианхай” төрийн бус байгууллага, түүх судлалын төв “Өнөд оршихуйн бэлчир” төрийн бус байгууллагаас Гавьяат багш М.Ганболдод хүндэтгэл үзүүлэх ёслолыг Соёлын өвийн үндэсний төвийн ”Өв эрдэнэ” театрт 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Ёслолд соёлын өвийг өвлөн уламжлагчдын төлөөлөл болсон Төрийн туульч, СГЗ А.Балдандорж, Төрийн туульч, СГЗ Э.Баатаржав, есдэх үеийн цуурч Ц.Наранбат, СГЗ хөтлөгч Ш.Ёолк тэргүүтэй хүндтэй зочид хүрэлцэн ирж М.Ганболд багшид хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр “Алтайн магтаал”, “Баян цагаан өвгөн” туульсыг хайлж, урианхайн ховор нандин соёлын өв болох тууль хайлах ёсны талаар танилцууллаа.





