“НҮҮДЭЛЧДИЙН ХЭМНЭЛ ХЭЛ ХУУР МИНУ” түр үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Монголын Үндэсний музей соёлын биет бус өвийг олон нийтэд сурталчлан таниулахтүгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд "Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг"-тэй хамтран “НҮҮДЭЛЧДИЙН ХЭМНЭЛ ХЭЛ ХУУР МИНУ” түр үзэсгэлэнг өнөөдөр нээж олон нийтэд 10 хоногийн турш үнэ төлбөргүй нээлттэйгээр үйлчлэх юм. Тус үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн захирал Б.Сарантуяа (Ph.D) нээж үг хэллээ. Мөн "Монгол туургатан хэл хуурын нийгэмлэг"-ийн тэргүүн А.Мөнхчимэг, "Монгол угсаатны хөгжмийн товчоо"-ны тэргүүн", хөгжим судлаач Д.Ганпүрэв нар үг хэллээ.
Монголчуудын төдийгүй дэлхийн олон үндэстний соёлын биет бус өвийн нэг, нүүдэлчдийн эртний язгуур өвөг хөгжим хэл хуур нь хийц, хөг аялгууны хувьд нэн сонирхолтой, сэргээн хөгжүүлэх шаардлагатай өв юм. Эдүгээ бидэнд мэдэгдэж буйгаар дэлхийн 160 гаруй оронд хэл хуур тархсан хийгээд тухайн үндэстний сэтгэлгээ, зан заншил уламжлалыг шингээсэн онцлогтой байдаг.
Монголчуудын хөгжмийн түүхийн маш сонирхолтой олдворыг 1989 онд нэрт археологич Ж.Цэвээндоржийн ахласан судалгааны баг олж илрүүлсэн хийгээд Төв аймгийн Морин толгойн Хүннү булшнаас уг олдвор илэрсэн түүхтэй. Тэгвэл энэхүү хэл хуурын хувилмал загвар, эртний баатруудын "Нуман хуур", бууны сумны хонгиогоор хийсэн гуулин хуур түүнчлэн Австри, Франц, Япон, Хятад, Якут, Польш, Унгар, Тува зэрэг олон орны сонин содон хэл хууруудыг та бүхэн үзэсгэлэнгийн танхимд үзэх боломжтой.
Энэхүү үзэсгэлэн энэ сарын 18-ыг дуустал олон нийтэд нээлттэй ажиллах бөгөөл энэ үеэр олон нийт, үзэгч сонирхогчдод зориулсан дараах хөтөлбөр, эвент арга хэмжээ болно.
- “ХУЛСАН ХУУРЫГ УРЛАХУЙ” боловсролын хөтөлбөр
2025.04.11-ний 11:00 - 12:00; 13:00-14:00; 15:00-16:00 цагт
- “ХӨГЖИМТ ЗУРГИЙН СЭТГЭЛ ЗАСАЛ” эвент - 2025.04.13-нд
- “ХЭЛ ХУУР МИНУ” танилцуулга сургалт - 2025.04.15-нд
- “ТОД ЭГШИГ ХЭМНЭЛ” хөгжимт сэтгэл заслын боловсролын хөтөлбөр - 2025.04.17-нд
- "ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИД БА ЭРТНИЙ ХӨГЖМҮҮД" хэл хуурын тоглолт -2025.04.18-нд тус тус зохион байгуулагдана.
Эрхэм хүндэт үзэгчид та бүхэн хүрэлцэн ирж нүүдэлчдийн эртний амьдрал ахуйн тод эгшиг хэмнэлийг мэдэрч аялахыг хүсье.