ЯАРАЛТАЙ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас бүртгэгдсэн зарим өвийг Хүн төрөлхтний СББӨ-ийн Төлөөллийн жагсаалтад шилжүүлэх бэлтгэл ажлыг хангах хэлэлцүүлэг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Соёлын өвийн үндэсний төвийн “Өв Эрдэнэ” бага театрт зохион байгуулагдлаа.
Соёлын биет бус өвийн олон улсын өдөр, “Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяны хүрээнд зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор (Ph.D) Г.Энхбат, Бүртгэл, мэдээллийн газрын дарга А.Саруул, СУИС-ийн Хөгжмийн сургуулийн захирал, доктор (Ph.D) Ц.Цэвэгсүрэн, Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Ш.Эрдэнэцэцэг, Соёл судлаач, доктор (Ph.D) С.Юндэнбат, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн А.Дүүрэнжаргал, “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч, 8 дахь үеийн цуурч Б.Наранбат болон чөлөөт уран бүтээлч, уран бичээч Т.Жамьяансүрэн нар оролцлоо.
СӨҮТ-ийн Бүртгэл, мэдээллийн газрын дарга А.Саруул дээрх жагсаалтад шилжүүлсэн бусад орны туршлага, явцын талаар товч танилцуулга хүргэж, хэлэлцүүлэгт оролцогчид өвийн төрөл бүрээр өөрсдийн санал, дүгнэлтээ солилцов.




