МЭРГЭН ТОНЬЮКУКЫН МУЗЕЙД ГЭРЭЛТ ХӨШӨӨДИЙГ СУУРИЛУУЛЛАА
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг Баянцогт уулын баруун хойно Түрэгийн хаант улсын гурван хааны зөвлөх, мэргэн сайд Тоньюкукт зориулж байгуулсан тахилын онгон бүхий цогцолбор дурсгалын гэрэлт хөшөө, тахилын хавтан зэрэг чулуун дурсгалын бохирдлыг цэвэрлэж, шинэ музейн барилга дотор зөөж суурилуулах ажлыг Соёлын өвийн үндэсний төвийн баг хамт олон 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 12-ны хооронд хийлээ.
Тус ажлын хүрээнд цогцолбор дурсгалын гэрэлт хөшөө, тахилын хавтан чулуу, хүн чулуу зэрэг чулуун дурсгалуудад үүссэн бохирдлын цэвэрлэгээг олон улсад баримталдаг арга зүйн дагуу эх дурсгалд сөрөг нөлөө үзүүлэхгүй бодис хэрэглэгдэхүүн ашиглан хийсэн бөгөөд чулуун дурсгалуудыг музейн барилгын ажил явагдах хугацаанд түр хадгалж байсан агуулахаас зориулалтын материалаар хийсэн зөөлөвч, хайрцагт хийж, аюулгүй ажиллагааны зааврыг хангаж, өргөх механизм ашиглан дурсгалт газрыг түшиглэн шинээр баригдсан музейд зөөж, шилжүүлэн анхны байршилд нь суурилуулав.








