"МОНГОЛ ТУУРГАТАН" ТӨСӨЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

Соёлын өвийн үндэсний төв, “Монгол туургатны хүүхдийн их наадам” төрийн бус байгууллагатай Монгол үндэстнийхээ өв соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, Дэлхий даяар тархан суурьшсан Монгол туургатнууддаа Соёлын өвийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, соёлын өвүүдийн тухай мэдээллийн санг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, олон нийтэд таниулах, сурталчлах зорилготой "Монгол туургатан" төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү төслийн нээлт Соёлын өвийн үндэсний төвийн "Өв эрдэнэ" театрт 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохиогдлоо.

 
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ЮНЕСКО-ийн Үндэсний Элч, “Хөшөө дурсгал, дурсгалт газрын Олон улсын Зөвлөл” (ICOMOS)-ийн Зөвлөх Хорооны гишүүн, доктор, СУИС-ийн Хүндэт профессор Норовын Уртнасан, Монгол Улсын Төрийн өргөмжлөлт туульч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор /PhD/ Э.Баатаржав, МУСГЗ Г.Баяртай, МУСГЗ Ч.Паламжав, МУСГЗ З.Цэнгэлсайхан, Монгол Улсын гавьяат багш, доктор М.Ганболд нарын хүндэт зочид морилон саатсан юм.
 
Мөн Нийслэлийн Соёл урлагийн газар болон дүүргүүдийн Соёлын өв хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо. Тус үйл ажиллагааны үеэр олон улсад Монгол Улсаа төлөөлөн үндэснийхээ өв соёлыг сурталчлах “Өвийн элч” нар албан ёсны батламжаа гардан авав.