СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛИЙН ТУРШЛАГА СУДЛАХ, ОНОЛ-ДАДЛАГА ХОСОЛСОН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Соёлын өвийн салбарын албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий олон улсын туршлага судлах сургалтыг Соёлын өвийн үндэсний төвөөс санаачлан цувралаар зохион байгуулж байна.
Энэ удаагийн туршлага судлах сургалт арга хэмжээг 2026 оны 01 дүгээр сарын 16-наас 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд Япон улсын Осака хотын Байгалийн түүхийн музейтэй хамтран зохион байгууллаа.
Сургалтад Соёлын өвийн үндэсний төвийн ерөнхий технологич Д.Аззаяа хамрагдав.
Сургалтын хүрээнд Осака хотын Байгалийн түүхийн музей, Кашихара хотын шавьжны музейн лабораторид онол дадлага хосолсон сургалтад хамрагдав.
Энэхүү сургалтаар Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны олон талт суурь судалгааны нэг болох “IPM-Integrated Pest Management” буюу хүрээлэн буй орчны тогтвортой орчин бүрдүүлэх, биологийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналтын арга техникийг хослуулан хортон шавьж, биологийн тархалтыг зогсоож, эрсдэлийг багасгах зорилгоор нэвтрүүлсэн аргазүйн олон улсын туршлагаас суралцав.
Сургалтад дэмжлэг үзүүлсэн Нара Их сургууль, Осака хотын Байгалийн түүхийн музей, TOPLINE25 Co.LTD, ISHIKAWA KENSETSU Co.LTD, TENGIS TRADING.JP компаниудын удирдлага хамт олонд талархал илэрхийлье.









