СОЁЛЫН ӨВИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр ангийн хамт олон жил бүрийн сар шинийн баярыг угтан “Соёлын өвийн өдөрлөг”-ийг уламжлал болгон зохион байгуулж иржээ. Байгууллагынхаа түүхт 60 жилийн ойг угтан соёлын өвөө эрхэмлэн дээдэлсэн, утга агуулга өргөн, олон талт үйл ажиллагаагаа энэ жил зохион байгуулсан нь онцлогтой байв. Гуравдахь жилдээ зохион байгуулагдаж буй өдөрлөгийн хүрээнд Соёлын биет бус өвийн тухай сургалт, мэдээлэл хүргэж, өв соёлоо танин мэдэх, өвлөн уламжлуулахын ач холбогдлыг таниулан үндэсний бөх барилдуулж, монгол бөхийн ёс жудаг, дэг жаягийг сурталчиллаа.
Мөн монголын 14 угсаатны хувцасны танилцуулга, угсаатны өвөрмөц онцлог, бэлгэдэл, хийц загварыг дэлгэн харуулж, дээрх угсаатнуудын уламжлалт идээ, унд, хоолны соёлыг танилцуулсан амталгаат үзэсгэлэн гаргаж, үндэсний хоол хүнсний өв соёлыг олон нийтэд дэлгэн харуулав. Түүгээр зогсохгүй нийт ажилтан, албан хаагчдын дунд үндэсний бичгээр унших, бичих, танин мэдэхүйн уралдаан зохион байгуулж, үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан юм.











