СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛИЙН ТУРШЛАГА СУДЛАХ, ОНОЛ-ДАДЛАГА ХОСОЛСОН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Соёлын өвийн салбарын албан хаагчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх зорилгоор олон улсын туршлага судлах сургалтыг Соёлын өвийн үндэсний төвөөс санаачлан цувралаар зохион байгуулж байна.
 
Энэ удаагийн сургалт арга хэмжээг 2026 оны 4 дүгээр сарын 04-нөөс 4 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Япон улсын Нарагийн их сургууль, Осака хотын Байгалийн түүхийн музейтэй хамтран зохион байгууллаа.
 
Сургалтад Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын уран зургийн галерейн мэргэжилтэн, албан хаагчид хамрагдав.
 
Сургалтын хүрээнд Осака хотын Байгалийн түүхийн музей, Угсаатан зүйн музей, Осака хотын ордон музей, Нара их сургуулийн соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын лабораторид онол дадлага хосолсон сургалтад оролцлоо.
 
Энэхүү сургалтаар соёлын биет өвийн дижитал баримтжуулалтыг бүтээлч үйлдвэрлэлд нэвтрүүлэх, соёлын биет өвийн материал судлал, дурсгалт уран барилгын ландшафтын архитектур буюу гаднах талбай, газарзүй бүтэц, хүрээлэн буй орчин, нийгмийн зан үйл, гоо зүйн үр дүнг бий болгох, хүрээлэн буй орчны судалгаа, төлөвлөлт хийх, лабораторийн бүрдүүлэлт, музейн үзүүллэг дэглэлт, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, “IPM-Integrated Pest Management” буюу хүрээлэн буй орчны тогтвортой орчин бүрдүүлэх, биологийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх судалгаа, олдвор болон үзмэрийн сав баглаа боодол, “Adobe Lightroom” программ ашиглан өнгө, гэрэлтүүлэг, сүүдрийн индекс тогтоох, “Agisoft Metashape Pro” программ ашиглаж нарийн хэмжээст 3D зураглал хийх, “Q-GIS” буюу газар зүйн мэдээллийн систем дээр нарийвчлал өндөртэй зураглал хийж боловсруулах чиглэлээр тус тус суралцаж, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухаан болон сэргээн засварлалтын чиглэлээр тулгамдаж буй асуудлын хүрээнд туршлага солилцов. Мөн энэхүү сургалтын хүрээнд Токио болон Шизүока, Осака, Нара, Киото хотуудын түүх соёл, урлагийн цогцолбор бүхий дурсгалт газартай танилцлаа.
 
Сургалтад дэмжлэг үзүүлсэн Япон улсын Нара их сургууль, Осака хотын Байгалийн түүхийн музей, TENGIS TRADING.JP, ISHIKAWA KENSETSU Co.LTD компаниудын удирдлага хамт олонд талархал илэрхийлье.