“Монгол өв соёлын гайхамшиг” цуврал нэвтрүүлэг №4
Соёлын өвийн үндэсний төв, МҮОНТВ, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын аялал жуулчлалын холбоо,Соёлын өвийн үндэсний төвийн хамтран бүтээсэн "Монгол өв соёлын гайхамшиг" нэвтрүүлгийн дөрөвдэх дугаар "Ардын язгуур урлаг" нэвтрүүлэг 2020 оны 12 сарын 26-ны өдөр МҮОНТВ-ээр эфирт цацагдан Монгол Улсын Соёлын биет бус өвийн чухал нэгэн төрөл зүйлийг олон нийтэд сурталчлав. “Монгол өв соёлын гайхамшиг” ээлжит нэвтрүүлгийн энэхүү дугаарыг МУСГЗ Ш.Ёолк хөтлөв.
Монгол Улс даяаршил, хотжилтын үйл явцад татагдан орж, монголчуудын аж төрөх ёс, монгол хэл, аялгуу, угсаатан ястнуудын биет бус соёлын өвөрмөц өвийн амьдарч хөгжих орон зай өөрчлөгдөн, орчин цагийн нийтийн соёл, урлаг түрэн орж ирсээр байгаа нь Монголын уламжлалт биет бус соёлын өв, түүний дотор ардын язгуур урлагийг богино хугацаанд устган мөхөөх аюулд хүргэж болзошгүй энэ үед өөрийг нь бусад соёлоос ялгаруулж байгаа язгуур болон уламжлалт чанараа хадгалж хамгаалах зайлшгүй шаардлагатай юм. Чухамхүү энэхүү язгуур чанараа ямар нэгэн байдлаар хадгалан үндэсний соёлын үндэс суурь, ноён нуруу болсоор байгаа гайхамшигт өв-Ардын язгуур урлагийн тухай энэхүү нэвтрүүлэгт: СУИС-ийн Дуулах урлагийн тэнхимийн эрхлэгч, МУГЖ Ж.Чулуунцэцэг, Өвлөн уламжлагч, МУСГЗ, уртын дуучин Г.Дадьсүрэн, МУАЖ, уртын дуучин Ш.Чимэдцэеэ, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд, Өвлөн уламжлагч, СУИС-ийн Хүндэт профессор, МУУГЗ, хөөмийч Б.Одсүрэн, Өвлөн уламжлагч, “Дэлхийн хөөмийн холбоо” ТББ-ын тэргүүн Д.Хосбаяр, Өвлөн уламжлагч, бийч Д.Баяртай, СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн захирал, доктор Ш.Эрдэнэцэцэг, уртын дуучин Ц.Түмэнжаргал, Ардын авьяастан, МУСТА Д.Цэнгэлдорж, Г.Бат-Очир, Улсын тэргүүний Ардын авьяастан С.Нямсүрэн нарын зэрэг эрдэмтэн судлаачид, өвлөн уламжлагчид оролцож, Алтан фондонд бичүүлсэн холбогдох дуу бичлэг, дүрс зургаас сонирхуулав. Энэхүү цуврал нэвтрүүлгийн 7 дугаарыг үзэгч та бүхэн үргэлжлүүлэн сонирхох болно.