“ДӨРВӨН БЭРХ” Нэвтрүүлэгт өвлөн уламжлагчид оролцлоо
Соёлын өвийн үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн 20 жилийн ойн хүрээнд уралдаант, танин мэдэхүйн “Дөрвөн бэрх” нэвтрүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эх орон даяар нэвтрүүллээ.
Тусгаар улсаа тунхагласны ойн өдрийг угтаж бүтээгдсэн энэ удаагийн "Дөрвөн бэрх" нэвтрүүлэгт ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол ардын уртын дуу”, “Шувуучлахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл”, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг”, “Монгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил-битүү амьсгаа” зэрэг өвүүдийг сурталчлах зорилгоор нийт 70 өвлөн уламжлагч, шавь сурагч нарын төлөөллийг урьж оролцуулсан юм.
Соёлын өвийн үндэсний төвөөс соёлын өвийг хадгалж, хамгаалах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй албан байгууллага, хувь хүмүүсийг шагнаж урамшуулахаар санаачлан олгож буй “ӨВ ЭРДЭНЭ” өргөмжлөл, цомыг гардсан анхдагчдын нэг нь Монголын Олон Нийтийн Үндэсний Телевиз боллоо.
https://mnb.mn/archive/2023-11-25-21-10-00