Увс аймгийн соёл, урлагийн газрын соёлын өв хариуцсан мэргэжилтэн Ө.Сэнгэдорж

СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН БҮРТГЭЛ ЯМАР ЧУХАЛ БОЛОХЫГ ОЙЛГОЛОО

-Та өөрийгөө товчхон танилцуулна уу. Соёлын салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?

-Увс аймгийн Соёл, урлагийн газрын Соёлын өвийн мэргэжилтэн Ө.Сэнгэдорж гэдэг. Өмнө нь музей, мэргэжлийн хяналт, архив зэрэг байгууллагуудад ажиллаж байгаад энэ салбарт орж ирсэн. Соёлын өвийн мэргэжилтнээр ажиллаад удаагүй байна.

-Сургалтын талаар та өөрийн санал бодлыг хуваалцана уу? Бусад сургалтаас юугаараа онцлогтой байв?

-Соёлын биет бус өвийг хамгаалах чадавхыг бэхжүүлэх, үндэсний сургагч багш бэлтгэх 2 дугаар шатны сургалтад анх удаа хамрагдлаа. Өмнө нь манай аймгийн СУГ-т өвийн мэргэжилтэн байгаагүй тул 1-р шатны сургалтад хүн хамрагдаагүй юм билээ. Соёлын биет бус өвийн бүртгэл, мэдээллийн санг хэрхэн бүрдүүлэх талаар энэ удаагийн сургалт маш өргөн мэдлэгийг бидэнд олголоо. Өвийн бүртгэлийг бид өнгөцхөн харж байснаа 2-р шатны сургалтаасаа олж харлаа. Хэрхэн бүртгэх, бүртгэлээ яаж баталгаажуулах вэ гэдгээ мэдэж авлаа. Сургалтын гол онцлог нь танхим болон цахимаас гадна нэр бүхий дөрвөн өвөөр багуудыг хуваарилаж, дадлага ажилд оролцуулсан. Ингээд Төв аймагт тухайн өвийг өвлөн уламжлагчтай уулзуулж, газар дээр нь дадлага хийлгэсэн. Манай багийн тухайд Шагайн харвааны өвлөн уламжлагчтай уулзаж, бүртгэл баримтжуулалтыг хийж гүйцэтгэв. 

-Та бүхний хувьд соёлын биет бус өвийг хамгаалах чадавхыг бэхжүүлэх үндэсний хэмжээний сургагч багшаар энэ удаагийн сургалтыг дүүргэж байна. Орон нутагтаа энэ чиглэлээр багшлахдаа ямар арга барилыг түлхүү ашиглахаар төлөвлөж байна вэ?

-Аймгийн СУГ-ын соёлын өвийн мэргэжилтний хувьд сумдынхаа музей, соёлын төвийн мэргэжилтнүүдээс бүртгэл мэдээллийг цуглуулдаг. Яг үнэндээ бидний цуглуулан нэгтгэж буй тоо баримт, бүртгэл чанарын шаардлага тэр бүр хангадаггүй. Тиймээс тэр бүртгэлийг сайжруулахад анхаарч ажиллана. Манай аймгийн тухайд сумдын хэмжээнд дотоод хяналтын мониторинг хийж байгаа. Бүртгэл судалгаатай нь танилцаж, тэдгээрийг хэрхэн хийх ёстойг илүүтэй анхаарч ажиллана гэж бодож байна.

Мөн Соёлын биет бус өвийн баримтжуулалтын тухай ойлголтыг орон нутгийнхаа мэргэжилтнүүд, тэр дундаа сум орон нутгийн соёлын байгууллагуудын дарга нарт зааж сургах, мэдээллээ хуваалцах ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. 

-Соёлын өвийг бид хэрхэн хойч үедээ өвлүүлэн үлдээж, хайрлан хамгаалбал үр дүнтэй бол оо?

-Соёлын өвийн мэдлэг ойлголтыг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үнэн зөв өгөх ёстой. Хөдөө орон нутаг дахь өвлөн уламжлагчдад хүүхэд багачуудыг ойртуулж, танилцуулах учиртай. Ингэхдээ заавал хичээлийн танхимд биш, өрхийн хэмжээнд шавь сургалтаар соёлын өвийн мэдлэгийг олгож болно. Орон нутгийн удирдах шатны хүмүүст соёлын салбарыг мэдрүүлж, ач холбогдлыг нь таниулах хэрэгтэй. Хөдөө орон нутагт уралдаан тэмцээн байнга зохион байгуулж байна. Гэвчиг дан ганц уралдаан тэмцээнээр дамжуулж тухайн өвийн талаарх мэдлэг ойлголтыг өгч чадна гэвэл учир дутагдалтай. Тиймээс шавь сургалтаар дамжуулах нь өгөөжтэй гэж хувь хүний зүгээс бодож байна. Соёлын өв дотор судалгааны эргэлтэд ороогүй маш олон өв бий. Эдгээрийг танин тогтоож, судлан шинжилж, бүртгэн баримтжуулах нь чухал байна. 

-Таньд баярлалаа.