GOOGLE ARTS AND CULTURE ТАЛБАРТ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ӨВҮҮДЭЭС БАЙРШУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол түмний тусгаар тогтнол, соёл, өв уламжлалын бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадмын энэ өдрүүдэд цахим ертөнц дэх “Google Arts and Culture”-ийн хамт олонтой та бүхний өмнө олон жилийн түүх, соёлынхоо нэгээхэн хэсгийг таниулан сурталчлахаар албан ёсоор нээж байна.
Соёлын яамны харьяа зургаан байгууллагын 52 сэдэв бүхий 645 мэдээлэл Google Arts and Culture талбарт одоогийн байдлаар байршлаа. Ингэснээр дэлхий даяар тархан суурьшсан Та бүхний өмнө Монгол Улсын үндэсний болон Улсын зэрэглэлтэй музей дэх үнэ цэнэтэй үзмэрүүд, түүх, соёлын үл хөдлөх дурсгал зэрэг монголчуудын бахархал болсон соёлын өв дэглэгдэж, цахим орчинд танилцах боломж бүрдсэн төдийгүй хүнээс хүнд дамжуулан өвлүүлж ирсэн оюуны их ундрага соёлын биет бус өвүүдийг мэлмийдээ тольдох боломж бүрдлээ.
Цахим орчны хамгийн том платформ болох Google Arts and Culture-ийн Соёлын яамны талбарт СББӨ-ийн ЮНЕСКО-ийн жагсаалтад бүртгэгдсэн 15 өв, Дэлхийн дурсамж хөтөлбөрийн 7 өв, Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Буган чулуун хөшөөг хүрлийн үеийн холбогдох дурсгалууд, XIII зууны хүн чулуу хөшөө зэрэг 126 мэдээлэл байршсан.
Мөн Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын уран зургийн галерей, Монгол цэргийн музей зэрэг соёлын байгууллагын талбаруудад сэдэв, мэдээллүүдийг нийтлэснийг ийнхүү 2024 оны 07 дугаар сарын 10-нд буюу ”Монгол Улсын Төрийн далбааны өдөр” албан ёсоор нийтэд дэлгэж байна.