ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 120 ДУГААР АНГИЙН АЛБА ХААГЧИД СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ

Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн 40 алба хаагч 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, сургалтад хамрагдлаа. Тус цэргийн анги алба хаагчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч сургалт, зөвлөгөөнд тогтмол хамруулдаг бөгөөд энэ хүрээнд тус үндэсний төвийн “Өв эрдэнэ” театрт сургалт зохион байгууллаа.

Энэ үеэр үндэсний төвийн Бүртгэл, мэдээллийн санч Х.Түмэнбаяр, Захиргааны ажилтан Д.Түвшиндэлгэр, Олон нийттэй харилцах ажилтан Ц.Баянмөнх нар “Бичиг соёлын өв бүртгэл мэдээллийн сан үүсгэх тухай”, “Үндэсний бичиг үсгийн хэрэглээ”, “ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өв” сэдвүүдээр хичээл заасан юм.