Өвөрхангай аймгийн хархорин суманд морь, бөхийн цол, гийнгоон сургалт зохион байгуулна

Өвөрхангай аймгийн Соёл, урлагийн газрын бодлого, үйл ажиллагааны нэг чиглэл нь соёлын биет бус өвийн 7 айн нэг эх хэл, аман уламжлал илэрхийллийн соёлыг өвлүүлэн уламжлуулах зорилт билээ.

Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл-уран зохиолын заах аргын нэгдэл, дуу хөгжмийн багш нартай хамтран хүүхэд багачуудад нийгмийн хөгжил, соёлын харилцан хамаарал, соёлын өвийн эрх зүйн зохицуулалтын талаарх мэдлэг, биет бус өвийг хамгаалах үндэстэн болон угсаатны тогтолцоог судлах, орчин үед уламжлагдаж хөгжсөн байдлыг тодорхойлох, аман өвийн төрлүүдээс бие даан сурах, өвлөн уламжлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор морь, бөхийн цол, гийнгоон сургалтыг зарлаж байна.

Сургалтын өмнө Хархорин сумын Соёлын төвөөс сургуулиудын сургалтын менежер, нийгмийн ажилтантай холбогдож анги бүлгүүдээс судалгаа авах, сургалтад хамрагдах суралцагчдын тоог гаргаж, багш нарт нь танилцуулах юм байна. Үүний дараагаар шалгаруулалтанд оруулж, шалгарсан хүүхдүүдийг энэхүү сургалтад хамруулах ажээ.

Сургалтын үр дүнд Төв Халхын аман өвийн онцлог шинжийг уламжилсан шавь бэлтгэх, морь, бөхийн цол, гийнгоо дууг уламжлах, монголчуудын ахуй байдалтай уялдуулан сэтгэх онцлогийг илрүүлэх, хүүхэд багачуудаар дамжуулан нийгмийн харилцаанд нөлөөлж, үндэсний дархлааг бий болгоно гэсэн зорилтын тавьж буй юм байна.