Бүргэдийн баяр”-ыг 18 дахь жилдээ зохион байгууллаа

БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран  "Бүргэдийн баяр-2024" өнгөрсөн амралтын өдрүүдэд "Чингис Хааны Хүрээ" цогцолборт зохион байгуулагдлаа.

Бүргэдийн баярыг тэмцээнд оролцож буй бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулган, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирэн эхлүүллээ. Тэд уламжлалт зан заншлыг хадгалсан дээл хувцастай орж ирсэн бөгөөд  үндэсний хамгийн сайхан хувцас, морь, бүргэдийн тоноглол зэргийг харгалзан шилдэг 21 бүргэдчинийг алдаршуулсан юм.

Казах түмний бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, олон улсад сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг  арга хэмжээ билээ. Тус наадам нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг. Бүргэдчид тулам булаацалдах, газраас зоос шүүрэх, бүргэдээр хиймэл ан бариулах гэсэн гурван төрөлд өрсөлдөв.

Хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор “Бүргэдийн баяр” наадмыг 18 дахь жилдээ зохион байгууллаа.

Эх сурвалж : www.zms.mn/a/97580