Монгол гэрийн модыг наранд хатааж болдоггүй

Мөнхбаатарын Ууганбаатар бол монгол гэр урлаач буюу соёлын биет бус өв тээгч. Монгол гэр түүн дотроо сийлбэртэй гэрийг захиалагчдын хүсэлтээр урладаг. Ур, хийцээрээ өөрийнх нь бүтээл бусдаас ялгардаг, нэг хийц нь давтагдашгүй гэдгээрээ онцлог.

Гэр хийхэд хамгийн чухал нь түүхий эд болох модоо сонгож бэлтгэх. Сонгож авсан модоо хатаах үйл явц хамгийн их цаг хугацаа шаарддаг. Модыг наранд хатааж болдоггүй. Аль болох нарны тусгалаас хол, сүүдэрт, салхинд эврээж хатаах нь хамгийн зөв технологи. Наранд хурдан хатсан мод хагарч, цуурах эрсдэл их. Миний хувьд модоо намар нь аваад өвөлдөө хатаагаад бэлтгэчихдэг хэмээн тэр ярилаа.

2023 оноос сийлбэрийн машиныг ашиглаж эхэлжээ. Гэрийн тооно, унь, багана, хаалга гээд бүхий л сийлбэртэй хэсгийн ажлыг тус машин гүйцэтгэнэ. Харин бэлэн болсон бэлдцийн сийлбэрийг илүү нарийн, цэвэрхэн хийцтэй болгох гол ажиллагаа болон угсрах ажлыг гараар гүйцэтгэдэг. Мөн ямар нэг амьтны сийлбэрийг машинаар бус дан гараар хийдэг байна.

Эх сурвалж : montsame.mn/mn/read/341082