Чиг үүрэг

Соёлын өвийн үндэсний төвийн чиг үүрэг

1.Соёлын өвийг бүртгэн мэдээлэх, сурталчлах чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд:

  • соёлын өвийг эрэн сурвалжлах, таньж тогтоох, тодорхойлох;
  • соёлын өвийг бүртгэх, баримтжуулж улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;
  • хууль тогтоомжид заасны дагуу соёлын өвийн бүртгэл, тайлан мэдээг хүлээн авч, улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд хадгалах;
  • соёлын өвийг таньж тогтоох, тодорхойлох, бүртгэх, баримтжуулах, хадгалах, сурталчлах талаар арга зүйн заавар зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
  • шат шатны бүртгэл, мэдээллийн санг арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
  • соёлын өвийн мэдээллээр гэрэл зургийн цомог, сурталчилгааны хялбаршуулсан бүтээл гаргах, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөл, холбогдох
  • журмын дагуу зурагт хуудас, хэвлүүлэх, баримтат кино, медиа бүтээл хийж олон нийтэд сурталчлах;
  • Улсын Их Хурал, Засгийн газар, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагыг соёлын өвийн лавлагаа, мэдээллээр шуурхай хангах, иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн соёлын өвийн лавлагаа мэдээллийг гаргаж өгөх;
  • гадаад улс оронд хадгалагдаж байгаа монголын түүхэнд холбогдох соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлэх;
  • соёлын өвийн ангилал, төрөл зүйлээр статистик мэдээлэл гаргах, тоо бүртгэл хөтлөх

2.Соёлын өвийг авран хамгаалах чиг үүргийн хүрээнд:

  • соёлын өвийг авран хамгаалах арга хэмжээг шуурхай зохион байгуулах;
  • аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс палеонтологи, археологийн авран хамгаалах хайгуул, малтлага судалгааны ажил хийлгэх захиалгыг хүлээн авч, холбогдох эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг улсын хэмжээнд зохицуулах;
  • аж ахуйн нэгж байгууллага, иргэний аж ахуйн үйл ажиллагаа соёлын өвд нөлөөлөх байдлыг судалж дүгнэлт гаргах;
  • үндэсний хэмжээнд соёлын өвд сөрөг нөлөөлөх байгалийн гамшиг эрсдэл болон нийгмийн хүчин зүйлийн эрсдэлийн төрөлжсөн судалгаа, үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран хийх.

3. Соёлын биет өвийг судлах, сэргээн засварлах чиг үүргийн хүрээнд:

  • соёлын биет өвийн материал, технологи, арга ажиллагаанд судалгаа хийж, уламжлалт мэдлэг арга ухааныг орчин үеийн шинжлэх ухааны олон талт дэвшилтэт арга, технологитой хослуулан, олон улсын зарчим, хэм хэмжээний дагуу хадгалалт хамгаалалтын судалгааг зохион байгуулах;
  • соёлын биет өвийг бэхжүүлж, сэргээн засварлах арга зүйн судалгаа явуулах;
  • түүх, соёлын дурсгалт зүйл, үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах;
  • соёлын биет өвийг хадгалах, сэргээн засварлах талаар холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд заавар зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
  • соёлын биет өвийг хамгаалах, сэргээн засварлах талаар санал боловсруулж дээд шатны байгууллагад хүргүүлэх;
  • палеонтологи, археологийн олдвор болон бусад дурсгалт зүйлийг шаардлага хангасан лаборатори, өрөө тасалгаанд түр хадгалах.

4. Үндэсний төв нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20.3-т зааснаас бусад дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  • дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгавар, даалгасан ажлыг шуурхай хэрэгжүүлж тайлагнах;
  • Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ хэлэлцээр, конвенцын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, хугацаат тайланг бэлтгэх;
  • Дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэх, хугацаат тайланг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх;
  • соёлын өвийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар бүх талын арга хэмжээг зохион байгуулах;
  • соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалах, сэргээн засварлах, сурталчлах чиглэлээр олон улсын байгууллага, гадаадын байгууллагатай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн соёлын өв болон соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах.