- ТЭШИГИЙН БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨД -
Булган аймгийн Тэшиг сумын хуучин төвийн хавиар булш хиргисүүр цөөнгүй байдаг. Тэдгээрийн нэг буюу өөрөөр хэлбэл уг сумын хуучин төвийн баруун талын Малтуур толгойн зүүн өмнөх дөрвөлжин булшны дэргэд хавтгайгаараа ойчсон хоёр хөшөө байдаг. Буган чулуун хөшөө бол бичиг үсэггүй байсан хүрэл ба түрүү төмрийн үе буюу НТӨ XII-VII зуун үед хамаарах нүүдэлчдийн түүх ба урлаг, утга соёл, шашин шүтлэг, нийгмийн байгууллыг судлах хосгүй дурсгал юм. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар “Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.