- ШИВЭЭТ УЛААНЫ ЦОГЦОЛБОР ДУРСГАЛ -

Булган аймгийн Баян-Агт сумын төвөөс 25 км зайд, Хануй, Хүнүй хоёр голын цутгалангийн харалдаа голын хойд талд орших Шивээт улаан гэдэг жижиг толгойн орой дээр байдаг. Шивээт Улааны дурсгалыг анх 1912 онд Финляндын эрдэмтэн Густав Иохан фон Рамстедт олж илрүүлэн дэлхийн эрдэмтдийн сонорт хүргэжээ. Уг дурсгал Түрэгийн сүүл үед хамаарах Элтерес цолтой Кутулук хааны дурсгал юм. Энд чулуун өрлөг бүхий байгуудамжийн хамт хүн чулуу 9, чулуун арслан 4, чулуун хонь 4 байна.  Хүн чулуунууд нь шовх зах бүхий дээл өмссөн байдалтай, захын ар талд жижиг дөрвөлжин унжлагатай байдаг. Нэг хүн чулуу нь баруун ташаандаа хавтага зүүж, хоёр гартаа бумба барьсан, өөр нэг нь сэлэм атгасан баруун гараа элгэндээ авч, зүүн гараараа сэлэмний хуйн дээд хэсгээс барьсан байдалтай байдаг.

Энэхүү Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.