- БИЧИГТИЙН ГАРАМНЫ ХАДНЫ ЗУРАГ -

Булган аймгийн Бугат сумаас баруун хойш 45 км орчим зайд, Алтаадын голын баруун талд орших, Бичигтийн гарам хэмээх ханан хаднаа зосон зургийн бүлэг дурсгал бий. Тус зосон зураг нь эзлэх талбайн хэмжээ, зургийн тоо, өгүүлэмж, дүрслэлийн хувьд өмнө илэрч мэдэгдсэн зосон зургийн дурсгалыг бодвол ихээхэн баялагт тооцогдох бөгөөд 250 гаруй метр урт үргэлжлэх, эгц урагш харсан цавчим ханан хадны ёроолоор хоёр хэсэг газарт бөөн байдалтай оршино. Бичигтийн гармын хадны зосон зурагт хүн, шувуу, адуу, үхэр, буга, нохой, дөрвөлжин болон зууван хүрээтэй цэгүүд дүрсэлснээс хамгийн олон тоотой зурагдсан дүрс нь хүн юм. Энд нийт 56 хүн дүрсэлсний дийлэнх нь бүтэн дүрслэлтэй бол үлдсэн цөөн хэдийн хөлийн дүрслэл бүдгэрч арилсан. Зурагт тэдгээр хүмүүсийн толгой, бие, гар, хөлийг энгийн тойм байдалтай дүрслэн үзүүлсэн ба хүмүүсийг гараа алдлан хөлөө алцайн зогсож буй байдлаар ганц нэгээр нь, эсвэл эгнээ үүсгэн гар гараас хөтлөлцсөн буйгаар дүрсэлжээ.
Энэхүү Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.