- ИНГЭТ ТОЛГОЙН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨ -

Булган аймгийн Ингэт толгойн сангийн аж ахуйн төвөөс зүүн тийш 1 км орчим зайд, Ингэт толгой хэмээх жижиг толгойн өвөрт нэгэн хүн чулуу байна. Хүн чулууг бүдүүн ширхэгтэй шаргал өнгийн боржин чулуугаар үйлдсэн, өндөр 220 см, мөрний өргөн 70 см, цээжний зузаан 30 см хэмжээтэй, босоо хүний бүтэн сийлмэл хөрөг. Дээл нь маш өргөн нэлмэгэр ханцуйтай бөгөөд нугалсан гараас доош газарт шүргэсэн хормойтой, хормойноос дооших хэсгийг газарт зооход зориулж нарийсган, хөлийг дүрслээгүй аж. Энэхүү хүн чулууны хэмжээ болон хэлбэр хийц, өмсгөл зүүлт нэн өвөрмөц, Монгол нутагт элбэг тархсан VI-VIII зууны Түрэгийн, VIII-IX зууны Уйгарын, XIII-XIV зууны Монголын хүн чулуудаас эрс ялгаатай байгааг харьцуулалт хийж Алс Дорнод, Уссури хязгаараас эртний Зөрчидийн соёлд холбогдох хүн чулуудтай төстэй учир нэгэн үе Монгол нутагт ноёрхлоо тогтоож байсан Кидан нарын соёлын дурсгал хэмээн судлаачид үзсэн байна.

Энэхүү Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгал төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.