- ИШГЭН ТОЛГОЙН ХАДНЫ ЗУРАГ -

Ховд аймгийн Манхан сумын нутаг Ишгэн толгой хэмээх газарт Дээд палеолитын үед холбогдох хадны бүлэг дурсгал оршин байна. Ишгэн толгойн хаднаа үхэр, адуу, буга, янгир, тэмээ зэрэг амьтдын дүрсийг хадны толион дээр гол төлөв ганц нэгээр урласан байх бөгөөд зургийн сийлсэн өнгө хадны байгалийн өнгөнөөс бараг ялгарахгүй болж зөвхөн гараар тэмтрэхэд сийлмэл зурагтай болох нь мэдэгддэг. Ишгэн толгойн хадны ихэнх зураг түүний хойт талд өөрөөр хэлбэл салхин талд нь зонхилон зурагдсан онцлогтой. Монгол орон түүний хөрш зэргэлдээ нутгаас урьд өмнө чулуун зэвсгийн үед холбогдох барын зураг олдож мэдэгдээгүй бөгөөд харин Ишгэн толгойн хаднаа дурдсан зэрлэг амьтдын хамт цөөн тоогоор барыг дүрсэлсэн нь сонирхолтой юм. Манай оронд палеолитын үед бар нутаглаж байснаас түүнийг үзсэн, мэддэг төдийгүй хад цохионоо дүрслэн үлдээжээ.

Энэхүү дурсгал нь түүх соёлын үл хөдлөх дурсгалын ““Хадны зураг, бичгийн дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн.